Монголын улс төрд бугшчихсан МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилыг нурааж, шинэ цагийн 27 жилийн түүхийг бичнэ хэмээн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын таван гишүүн тэмцэж эхлэсэн.

Тэд УИХ-ын даргыг огцруулж, улс төрд шинэ тогтолцооны эхлэлийг тавихаа мэдэгдэж, өнгөрсөн 12-р сарын 27-нд тайван жагсаал зохион байгуулсан юм. Уг жагсаалд 30 орчим мянган хүн цугласан гэж албаныхан мэдэгдсэн бол энэ удаагийн жагсаалд оролцогчдын албан ёсны тоо мэдээлэл байхгүй ч Чингисийн талбай дүүрсэн байна.

Жагсагчид “Огцор, огцор хэмээн уухайлан орилж, МАНАНГ сарниулцгаая, М.Энхболд огцор, М.Энхболд ёс зүйгүй, увайгүй байдлаа зогсоо, МАНАН дэглэмд иргэд ядуурч, төр сульдаж байна” зэрэг лоозонг барьжээ.  

Мөн тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулаад бүх зүйл сайхан болохгүй ч, шударга ёсны тогтолцооны шинэ эхлэл тавигдана гэдгээ илэрхийлж байлаа. Жагсаал зохион байгуулагчид энэ удаад талбайгаас шууд тарахгүй М.Энхболдыг огцортол суулт зарлан, хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Жагсаалын үеэр М.Энхболд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж тохиролцоонд хүрэх санал тавьсан ч огцрохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймд жагсаал зохион байгуулсан гишүүд үймээн самуун болохоос сэргийлэх үүднээс Ерөнхийлөгчтэй уулзсан ба тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хурлыг 16:30 минутад зарлалаа.

Эрх барьж буй намынхан У.Хүрэлсүх, М.Энхболд гэсэн хоёр бүлэгт хуваагдаж, УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, 40 гишүүний зарласан бойкот үргэлжилж, УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад байгаа юм.

Улс төрд өрнөж буй энэхүү гацаа шийдэл УИХ-ын даргыг огцруулах, эсвэл УИХ тарах гэсэн хоёр замаар шийдэгдэх нөхцөл байдалд хүрсэн гэдгийг эрх баригчид ч өөрсдөө ч хэлж буй.

Энэ хүрээнд Ж.Мөнхбат УИХ тарах нь зөв хэмээн үзэж өөрийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 16 гишүүн энэ асуудлыг дэмжжээ. Харин нөгөө талаас Ерөнхийлөгч улс төрийн гацааг арилгах үүднээс УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хууль санаачилж үүнийг УИХ-р хэлэлцэхээр болсон юм.

МАН-ын эрх барих хугацаа дуусч 2020 оны сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа ч эрх баригч намын засаглалын хувь заяа орших уу, эс орших уу хэмээх ацан шалаанд орсон энэ үед ард түмний энэхүү жагсаал гарц, шийдэл нь болж чадах уу гэх асуултын хариулт удахгүй гарах буй.