УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр 60 тэрбумтай холбоотой хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд удаа дараа мэлзэж, Үндсэн хууль болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг илтээр зөрчиж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд өгч буйгаа мэдэгдлээ.

Мэдэгдэлдээ,

  • М.Энхболд 60 тэрбумын бичлэгт оролцоогүй гэх мэлзэлийг АТГ-аас эвлүүлэг хэмээн хуулийн үндэслэл зохиосон
  • Нийтийн сонсголын хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүн уг асуудлаар нээлттэй сонсгол хийхийг зөвшөөрсөн ч Хууль зүйн байнгын хороо шалтгаангүйгээр мэлзсээр байна
  • Үндсэн хуульд ээлжит бус чуулганыг гишүүдийн  ⅓ -ээс илүү нь дэмжсэн тохиолдолд хуралдана гэж заасан. Харин УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлахыг зөвшөөрсөн ч ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар мэлзлээ
  • Чуулган хуралдуулахад УИХ-ын гишүүд ирэх үүрэгтэй болохоос эхэлж ирц бүрдүүлээд ээлжит бус чуулган хуралдуулдаг соёл дэлхийн аль ч парламентад байхгүй гэлээ.

Иймд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгч хууль тогтоомж УИХ-ын гишүүдийн эрхийг илэрхий зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн дагуу шийдэх үү, томилогдсон даргаа хамгаалах уу? гэдгийг харцгаая гэв.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 20-оос өмнө биелүүлэх гурван шаардлага хүргүүллээ. Үүнд:

  1. Ард түмэн, МАН-ын гишүүд, дэмжигчдээс  хэвлэл мэдээллээр дамжуулан албан уучлалт гуйх
  2. Өөрийн хүсэлтээр Хууль хяналтын байгууллагад хандаж, 60 тэрбумын хэргийг дахин нягтлуулж, олон нийтийн эргэлзээг тайлах
  3. Хууль тогтоомж болон УИХ-ын бүрэн эрхэд халдсан шалтаг тоочихоо зогсоож, ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах

Хэрэв заасан хугацаанд дээрх шаардлагуудын биелүүлэхгүй бол олон нийтээс тусламж хүсэж жагсаал хийн, шат дараалсан тэмцэлд шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Үүнээс гадна тэрээр ‘надад хувийн ашиг сонирхол, улс төр хийж намаа талцуулах, хэн нэгнийг харлуулах бодол үгүй. Гагцхүү төр барих эрхэд сонгосон гишүүдээрээ дамжуулан оролцох ард иргэдийнхээ эрхийг хамгаалж байна. Тиймээс бид хуулиа дээдэлж хариуцлага тооцож чадах уу, эсвэл нэг хүний буруутай үйлдлийг хамгаалаад 2020 оны сонгуультайгаа золгох уу гэдэг асуулт гарч байна. Энэ миний төрийн ордноос маш тайвнаар хийж байгаа сүүлийн мэдэгдэл’ гэлээ.

Сануулбал, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн наймаалцан ярилцаж буй М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын аудио бичлэг 2016 онд нийгэмд тархсан юм. Уг бичлэгийг холбогдох албаныхан шалгаж үзээд “ дүрсжүүлсэн учир эвлүүлэг” гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Харин Америкийн Legal Audio Video компанийн шинжээчид уг бичлэгийг хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэх дүгнэлтийг өгсөн юм.