Төрийн албыг наймаалцсан хэрэг буюу 60 тэрбумын хэргээс үүдэн ээлжит бус чуулган зарлаагүй нь М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн гээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын 40 гаруй гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэлээ.

Сануулбал, өнгөрсөн зун УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлаж, нийтийн сонсгол явуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэн, УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн боловч гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар чуулганы хуралдааныг зарлаагүй юм.

АН, МАН-ын гишүүдийн нэгдэл болох нийт 40 гаруй гишүүдийн үзэж буйгаар тэд ашиг сонирхлын зөрчилтэй, нэр хүнд нь унасан, засаглалын зарчмаа алдсан хүнээр удирдуулах боломжгүй гэсэн юм. Одоогоор хэн хэн М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна.

60 тэрбумаас гадна Ерөнхий сайдыг огцруулах бичигт М.Энхболд гарын үсэг өөрөө зураад, уг бичгийг өөрөө хүлээн авч, уг асуудлыг толгойлон хэлэлцүүлэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж Т.Аюурсайхан хэллээ.

“Цэц, шүүхийн байгууллагууд М.Энхболд гэдэг хүний өмнө хүчин мөхөстөж байна. Энэ хүн бол МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс. Энэ хүний араас хууль хяналтын байгууллагад ноёрхлоо тогтоосон коридор давхар нуран унах болно” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Монголын төрийг МАН биш, АН биш, парламент ч биш, хэдэн компани, тэдний гар хөл болсон хүмүүс засаглаж байна” гэсэн юм.

“Бид аль нэг намын эрх ашгийн хамгаалаагүй, бид Монгол үндэстний язгуур эрх ашгийн төлөө байна” гэж Л.Болд гишүүн хэлсэн юм. Түүний хэлснээр энэхүү бичгийг өргөн барьсны дараа чуулган хуралдвал хууль бус үйлдэл болно гэж мэдэгдсэн юм.

Ингэж мэдэгдсэнээс ердөө 10 хүрэхгүй минутын дараа чуулганы хуралдаан дээрх гишүүдгүйгээр эхлэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Хэн нэгэн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал гаргасны төлөө Засгийн газрыг хаацайлж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. Энэ гишүүд хууль бусаар төрийн эрхийг авах оролдлого хийж байгаа юмуу. Чуулган 39 гишүүний ирцтэй байна. Тиймээс чуулганы хуралдааныг эхлүүллээ” гэж мэдэгдээд чуулган эхлүүлж, алхаа цохилоо.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, маргааш Засгийн газрыг огцруулах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх товтой байна.