Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын их хурлын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачиллаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит бусаар шуурхай хуралдан зарчмын хувьд дэмжсэн байна.

Ийнхүү нэр бүхий Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган хууль санаачлагчид уламжлахаар боллоо.

Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ, Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” зэрэг томоохон өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж буй асуудлууд шийдвэрлэгдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Хуулийн дагуу тус төслийг байнгын хороод хэлэлцэх юм. Хэрэв байнгын хороод дэмжихгүй бол хуулийн төсөл буцаагдах юм.

Сануулбал, УИХ-ын 40 гаруй гишүүн 11 сарын 22-с М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардан бойкот зарласан юм. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд тэдний “хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Хуулийн дагуу огцрох үндэслэлээ тавь” гэжээ.

Тэгвэл ийнхүү Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг санаачиллаа.