Энэтхэгийн нийслэл Дели хотноо явагдсан сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-аас 54 кг-д М.Нандинцэцэг Лхагва гарагт хүрэл медалийн болзол хангаад байсан юм.

Тэгвэл өчигдар мөнгөн медалийн төлөө Болгар улсын боксчин Стойка Петроватай тулалдаж, шүүгчийн саналаар 3:2 харьцаагаар хожигдсон байна. Тэрээр медалийнхаа өнгийн хувиргаж чадаагүй ч Монгол улсын анхны эмэгтэй Дэлхийн медальт боксчин боллоо.

Энэ жил 30 насны босго алхаж буй М.Нандинцэцэг 2004 оноос хойш буюу тасралтгүй 14 жил боксын спортоор хичээллэж байгаа манай шилдэг ширэн бээлийтнүүдийн нэг юм.  

Энэ удаагийн ДАШТ-д M.Нандинцэцэг эхний тойрогтоо Унгарын тамирчин Цабинаг техникийн илт давуугаар хожиж, шигшээ наймд Хорватын боксчин Питеса Зелжанатай тулалдаж, хугацаанаас өмнө ялсан юм. Харин хүрэл медалийн төлөө Марокко улсын Зохра Эз-Захроутай тулалдан 5:0 харьцаагаар буулган авч хүрэл медалийн болзол хангасан юм.

Энэ удаагийн ДАШТ-д 73 орны 333 боксчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас долоон ширэн бээлийтэн оролцсон байна.