Насанд хүрэгчдийн жүдогийн ДАШТ Токио хотноо Ням гарагт эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 151 улсын эрэгтэй 537, эмэгтэй 352 тамирчин оролцож байгаагаас манай улсын 17 тамирчин зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг болон эрэгтэйчүүдийн 60 кг-ийн барилдаан явагдаж медальтнуудаа тодрууллаа. Тус жинд манай улсын хоёр тамирчин зодоглосноос МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Тайвань, дараа нь Румыны бөхийг, хэсгийн аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэгийг тус тус цэвэр ялсан юм. 

Ийнхүү хагас шигшээд өнгөрсөн оны дэлхийн аварга, жүдогийн өсөж яваа залуу од Украины Дарья Билодидтой анх удаа барилдаж даралтаар ялагдсан байна. Улмаар хүрлийн төлөө дагах барилдаанд М.Уранцэцэг Францын Мелани Клеменийг цэвэр ялснаар ДАШТ-ээс гурав дахь медалиа зүүлээ. 

Түүний жинд Украины Дарья Билодид босоо байж түрүүлсэн бол жингийнхээ чансааны нэгт эрэмбэлэгддэг Японы Фүна Тонаки мөнгөн медаль хүртсэн юм.

Өдгөө 29 настай М.Уранцэцэг анх 2013 онд Бразилд болсон ДАШТ-аас алт, 2017 оны Унгарын Будапештын ДАШТ-ээс мөнгө, энэ жил ийнхүү хүрэл авснаар ДАШТ-ын бүрэн медальтай Монголын анхны жүдоч болж байна. 

Жүдогийн ДАШТ ирэх сарын нэгнийг хүртэл явагдах бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын барилдаанууд явагдана.