Жүдо бөхийн холбооноос JFI ангиллын тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртсэн бөхчүүдийн жагсаалтыг гаргалаа.

Энэхүү жагсаалтаар дээрх тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, хамгийн олон медаль авсан тамирчнаар ДАШТ-ний хошой медальт, МУГТ М.Уранцэцэг шалгарлаа. Тэрээр дээрх тэмцээнүүдээс алт 11, мөнгө 10, хүрэл медаль 12-ыг хүртэж нийт 33 медаль хүртсэнээр тус жагсаалтын рекордыг эзэмшиж байна.

Түүний араас Голландын Ван Эмден 29 медальтай явж байгаа ч тэр хэдийнээ зодог тайлсан билээ. Мөн энэ жагсаалтын долдугаар байрт 25 медальтайгаар Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг багтжээ.

Гран При, Их Дуулга, Мастерс цуврал тэмцээнүүдээс хамгийн их медаль авсан шилдэг есөн тамирчдын жагсаалтад хоёрхон эрэгтэй жүдоч багтсан нь 26 медальтай Гүржийн Амиран Папинашвили тавдугаарт, 24 медальтайгаар ОУХМ Д.Амартүвшин наймдугаар байрт бичигдэж байна.

Харин тус тэмцээнүүдээс хамгийн олон удаа алт хүртсэн тамирчдыг ч мөн эмэгтэйчүүд тэргүүлж байгаа бөгөөд энэ жагсаалтад М.Уранцэцэг 11 алтан медальтайгаар 10-т жагсаж байгаа юм.

Сануулахад, М.Уранцэцэг энэ оны ДАШТ-ий дараа дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байсан бол 10 дугаар сард явагдсан Абу Дабигийн их дуулгад түрүүлснээр дахин дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн байна.