Жил бүрийн зургаан сарын дундуур модны цагаан хөвөн хийсэж иргэдийг бухимдуулдаг. Энэхүү цагаан хөвөн нь улиас модноос гардаг бөгөөд нэг ёсондоо улиас мод тоосоо хүртээж байгаа явдал юм.

Улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд ашигтай. Уг мод нь эр, эм цэцэгтэй бөгөөд эр цэцэг нь тавдугаар сарын эхээр дэлгэр ч, тоосоо гүвдэг. Үүнээс сар гаран хугацааны дараа эр цэцгийн тоос хүртсэн эм цэцгүүд задарч бидний нэрлэж заншсан модны цагаан хөвөн буюу улиасны улингар задран гардаг байна.

Энэхүү цагаан хөвөн нь хотын гудамж талбайд унаж салхинд туугдан иргэдийн ам хамар луу орох, идэж буй зүйл дээр нь унах, бие эрвэгнүүлэх, загатнуулах зэргээр хүмүүсийг бухимдуулдаг. Иргэд үүнийг харшил үүсгэдэг гэдэг ч зарим эмч нар үүсгэдэггүй гэх зэргээр мэдээлдэг.

Тэгвэл энэ талаар Эния арьс, гоо заслын их эмч М.Урантулгаас тодрууллаа.

Зураг: iKon

Тун удахгүй иргэдийг бухимдуулдаг модны хөвөн гарах гэж байна. Энэ цагаан хөвөн харшил өгдөг үү?

Хотын тоос шороо, харшил үүсгэгч ургамал, шарилж, модны нахиа зэргээс үүдэн харшил үүсэх, харшил сэдрэх, хүндрэх гээд хүмүүст бэрхшээл их тохиолддог. Модны цагаан хөвөн хийсэх үеэр иргэдэд их зүдэргээтэй байдаг. Ялангуяа тоос шороо, ургамлын харшилтай хүмүүст. Тухайлбал модны цагаан хөвөн нь нүд рүү орж, улайлгах загатнуулах, ам хамар луу орох зэргээр хүний биед хүрэлцэн харшил үүсгэх юм уу өдөөдөг.

Зарим эмч нар модны цагаан хөвөн харшил үүсгэдэггүй гэдэг. Энэ талаар?

Улаанбаатар хотод хамгийн их ургадаг улиас мод харшил үүсгэгч тоос ялгаруулдаг. Гэвч энэ нь бидний нүдэнд харагдаж, хамгийн ихээр ад үзэгддэг улиасны хөвөн биш юм. Тус хөвөн нь өөрөө харшил төрүүлэх шинжгүй. Харин модны хөвөнд харшил үүсгэгч тоос, тоосонцор наалдсан байдаг. Түүнчлэн газар унасан хөвөн салхинд туугдан агаарт хөөрөх юм уу хүний биед хүрэлцэхдээ нарийн ширхэгт тоосонцрыг агаарт тараадаг. Тиймээс ам хамар луу ороход харшил үүсгэдэг. Заавал үүсгэхгүй ч гэсэн харшилтай хүмүүсийн харшлыг сэдрээдэг.

Модны цагаан хөвөнг санамсаргүй залгих тохиолдол байдаг. Энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй юу?

Ийм тохиолдолд хүний биед сөрөг нөлөө байхгүй. Харин их хэмжээгээр залгивал сөрөг нөлөөтэй. Мэдээж хүмүүс тэгэхгүй. Харин бага насны хүүхэд булан тохойд овоорчихсон байдаг цагаан хөвөнг сонирхоод залгиж магадгүй. Тиймээс модны цагаан хийсэж байгаа үед хүүхдээ салхилуулах, гадуур гаргахдаа анхаарах хэрэгтэй.

Тоос шорооны харшилтай хүмүүс модны цагаан хөвөнгөөс хэрхэн сэргийлэх вэ?

Юун түрүүн харшилтай хүмүүс юунаас харшилж байгааг  тогтоолгох шаардлагатай. 100 айлд байдаг Арьсны өвчин судлалын үндэсний төвд хандаж харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшилж буй хүчин зүйлийг тодорхойлсны дараа түүнийхээ дагуу эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй. Ялангуяа дөнгөж харшил өгч байгаа хүмүүс эмчилгээ хийлгэвэл амархан эдгэрнэ. Модны цагаан хийсэж байгаа үед нүд, ам хамраа хамгаалж маск шил зэргийг зүүх хэрэгтэй. Мөн  цонхоор хийсэж орж ирэхээс хамгаалан тор татах, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр сэргийлж болно.

Сүүлийн үед харшлын төрөл ихсэх болсныг эмч нар хэлдэг. Үүний гол шалтгаан нь юу вэ?

Харшил үүсгэдэг олон хүчин зүйлүүд байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хотжилтоос үүдэн харшлын өвчин нэмэгдэж байна. Агаар, хөрсний бохирдол, шороо тоос гээд. Хотжилтоо дагаад хүний амьдралын хэв маяг бас өөрчлөгдөж байна. Хөдөлгөөний дутагдал, таргалалт, стресс ихсэх  гэх мэт. Амьдралын буруу хэв маягаас үүдээд хүний дархлаа сулардаг. Дархлаа сулрах нь эргээд харшилтай болох, өөр бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс ганц харшил ч гэлтгүй эрүүл саруул байх нь бидний амьдралын зөв хэв маягаас хамааралтай.

Цаг гаргасанд баярлалаа.

Баярлалаа.