Засгийн газрын хуралдаанаар малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор МАА-н шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулахаар шийдвэрлэлээ.

Уг төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулна.

Энэхүү парк байгуулагдснаар орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах боломжтой болох юм.

Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг ажил хийх гэнэ.