Apple компаний нөүтбүүк болох MacBook Pro, MacBook Air нь дэлгэц, гар, үнийн хувьд төстэй ч хэд хэдэн үзүүлэлт нь өөр юм. Та эдгээр MacBook-ын алийг авах нь тохиромжтойг уншаарай. 

Загвар 

Уг хоёр төхөөрөмж нь адилхан 13 инчийн дэлгэц, хөнгөн цагаан материалтай ба хар саарал, цайвар саарал гэсэн өнгөний сонголттой. Гэхдээ Air-ын сүүлийн загвар нь алтан шаргал өнгөтэйгээр худалдаанд гарч эхэлсэн юм. Мөн хоёул 2560×1600 нягтаршил бүхий Ретина дэлгэцтэй. Pro нь илүү тод өнгөтэй учир зурагчид, график дизайнеруудад тохиромжтой байна. Харин Air нь эдэлгээ сайтай бөгөөд сүүлийн загварынх нь гар болон мэдрэгч хавтан нь илүү том хэмжээтэй болжээ. Мөн Pro нь хоёр талдаа нийт дөрвөн USB оролттой бол Air хоёр оролттой. 

Гэхдээ хоёулаа 720p веб камер, стерео спикер, чихэвчний оролттой бөгөөд Pro загварын дуугаралт илүү чанартай юм. Харин Air нь нэмэлт микрофонтой учир автомат туслах Сириг ашиглахад илүү хялбар байна. Үүнээс гадна зөвхөн Pro гарны дээд хэсэгт мэдрэгчтэй товчлуурууд байдаг бол Air нь хурууны хээ уншигч ганц товчлууртай юм. 

Үзүүлэлт 

13 инч дэлгэцтэй MacBook Pro нь наймдугаар үеийн quad-core i5 процессортой бол Air нь наймдугаар үеийн dual-core i5 процессортой. Иймд Pro нь илүү хоёр процессортой учир Air-аас хурдан юм. Гэхдээ хоёулаа 1299 долларын үнэтэй. Хэрэв танд илүү хурдтай нөүтбүүк хэрэгтэй бол зургаан процессор бүхий 15 инч дэлгэцтэй Pro-г 2399 доллараар худалдаж аваарай. 

Авсаархан байдал 

Pro 0.59 инч зузаан 11.97 инч өргөн бол Air нь 0.16-0.61 инч зузаан, 11.97 инч өргөнтэй. Энэ нь Air илүү нимгэн бөгөөд хөнгөн учир авч явахад авсаархан гэсэн үг. Батарейн хувьд Pro-оор тасралтгүй видео үзэхэд 10 цаг 24 минут, веб ашиглахад таван цаг гурван минутын дараа цэнэг нь дуусна. Харин Air-аар веб ашиглахад найман цаг, видео үзэхэд 10 цаг болжээ. Ингэснээр Air нь бусад MacBook-үүдээс хамгийн сайн цэнэг барьдаг гэдгээ нотолсон юм. 

Эцэст нь хэлэхэд, уг хоёр загвар нь үнийн хувьд ижилхэн ч Pro нь илүү өндөр үзүүлэлттэй бол Air авч явахад авсаархан бөгөөд цэнэгээ удаан барьдаг. Иймээс та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонголтоо хийх нь зүйтэй. 

Эх сурвалж: Digital trends