Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Аргентин улсаас мэдэгдэл хийлээ. Түүний эзгүйд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал хүчирхийллийн хэлбэрт шилжсэн байна. Тэрээр "Хүчирхийллийг тэвчихгүй. Хууль сахиулагчид халдлагад өртөж, бизнес доголдож, иргэд, сэтгүүлчдэд аюул заналхийлж байгаа энэ үзэгдлийг ямар ч шалтгаан зөвтгөж чадахгүй" гэлээ.

Макрон бусад удирдагчдын хамт уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийд тулгамдсан асуудлыг шийдэхээр Их 20-ийн уулзалтад ирсэн ч дотоод асуудалдаа анхаарахаас өөр аргагүй байгааг мэдээллийн агентлагууд онцолж байна.

Зураг: Bloomberg

Ерөнхийлөгч Макрон улсынхаа агаар бохирдуулах хаягдлыг багасгах бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд Франц улсын хот суурин газарт шатахуунд ногдох татварыг өсгөсөн байна. Ерөнхийлөгчийн энэ санаачилгын бэлгэдэл нь яаралтай тусламж, онцгой байдлынхны өмсдөг шар өнгийн хантааз болоод байсан юм.

Тэгвэл үнэ нэмэгдсэнээр шатахуун тансаг хэрэглээ боллоо гэж бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, энэ нь Макроны засаг захиргааг эсэргүүцсэн жагсаал болж хувираад байгаа юм. Блүмбергийн мэдээлснээр гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа уг жагсаалд 75 мянган хүн оролцож байна. Жагсаал хүчирхийлэл болж хувирсан тул 100 гаруй хүн бэртэж гэмтэн, улмаар 270 гаруй хүнийг баривчлан саатуулжээ.

Зураг: Bloomberg

Ямартай ч Ерөнхийлөгч Макрон эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчирхийлэл болгосон хүмүүсийг илрүүлж, хариуцлага тооцохоо ийнхүү мэдэгдлээ. Тэрээр Парист очмогцоо Ерөнхий сайд, дотоод хэргийн сайдтай Францид үүссэн нөхцөл байдлын талаар зөвлөлдөх юм байна.

Эх сурвалж: AFP, Reuters