Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро дөрвөн сар хаалттай байсан Колумбтай залгаа хилээ нээлээ. Ингэснээр Венесуэлчүүд хоол хүнс, эм тариа авахаар Колумбын хилээр хууль ёсны дагуу нэвтэрсэн байна.

Венесуэлийн сөрөг хүчин гаднаас хүмүүнлэгийн тусламж оруулахыг оролдсон учир Засгийн газрын зүгээс өнгөрсөн хоёрдугаар сард Аруба, Бонайре, Куракао арал болон Бразил, Колумбтай залгаа хилээ хаасан юм.

Эдгээр тусламжийн ихэнхийг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж байгаа Америкаас ирүүлсэн бөгөөд Мадуро үүнийг Венесуэлийн тусгаар байдалд аюул заналхийлсэн гэж үзжээ.

Хил хааснаас болж олон мянган Венесуэлчүүд хууль бусаар хил давах оролдлого газар авч байсан юм. НҮБ-ын мэдээлснээр Венесуэлийн хүн амын 15 хувь буюу дөрвөн сая иргэн эх орноосоо дүрвэсэн бөгөөд сая гаруй нь Колумбд амьдарч байгаа гэнэ.

Мадуро өнгөрсөн сард Аруба арал, Бразилтай залгаа хилээ нээсэн ч Колумбын хилээ хаалттай хэвээр үлдээсэн юм.

Эх сурвалж: Al jazeera, SCMP