Засгийн газраа эсэргүүцсэн Венесуэлийн тагнуулын газрын дарга асан, генерал Мануэль Кристопер Фигуераг хоригоос чөлөөнө гэж Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдлээ. Үүгээрээ Венесуэлийн бусад албан тушаалтнуудыг ч гэсэн ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэхийг уриалж байгаа юм.

Фигуера өнгөрсөн сард сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогоор удирдуулсан төрийн эргэлт хийх оролдлогын өмнө Мадурогийн засгийн газрыг эсэргүүцэж Гуайдог дэмжижээр болсноо мэдэгдсэн байна.

Мөн Венесуэлийн дээд шүүх төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон байж болзошгүй парламентын долоон гишүүнд хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ. Харин Пенс үүнийг Мадурогийн заавраар хийж буй ажил гэж шүүмжилсэн бөгөөд дээд шүүх үйл ажиллагаагаа шударгаар явуулахгүй бол бүх 25 шүүгчид хориг тавина гэж мэдэгдсэн байна.

Америкийн сангийн департамент 2017 онд Венесуэлийн шүүхийн дарга болон үндсэн хуулийн цэцийн долоон гишүүнд хориг тавьсан юм.

Гуайдо өнгөрсөн онд болон ерөнхийлөгчийн сонгуульд Мадурог хууль бусаар ялалт байгуулсан гэж үзэн өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан байна. Америк Гуайдог хамгийн түрүүнд дэмжсэн бөгөөд дараа нь Европын холбоо, Их Британи зэрэг томоохон хүчнүүдийн дэмжлэгийг авчээ.

Тэд Мадурог албан тушаалаасаа огцорч ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах ёстой гэж үзэж байгаа бол Орос, Хятад зэрэг орны дэмжлэгийг авсан Мадуро суудлаасаа буухгүй гэдгээ хэлсэн юм.

Эх сурвалж: BBC, RT