Авто машины банкинд бензин дүүргүүлэхэд хальж асгарсан бензиний үнийг иргэнээр төлүүлсэн гэх гомдлын дагуу МХЕГ-аас шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Магнай Трейд компанийн БЗД-ийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй байжээ.  Ийнхүү банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгарч байсан зөрчил илэрчээ.

Улмаар холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, аюулгүй байдлаа хангахыг даалгасан байна.

Ил талбайд бензин  асгарснаар газрын хөрс, агаарын бохирдол үүсэх, гал гарах зэрэг хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хор хохиролтой юм.

Сануулбал, өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн хотын захаар шатахууны үнэ 100-130 төгрөгөөр нэмэгдээд байна. Өчигдрийн байдлаар АИ-90 Дамба, Сэлхийн уулзварын Тэс Петролиумд ₮1990, Сод Монголд ₮1980, Петровист ₮1985-р зарагдаж байгаа юм.