Энэтхэгийн тусгаар тогнолтын төлөө тэмцэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойгоор түүний чандрыг хулгайлсан байна. Хиндү шашны хэт даврагчид 1948 онд Гандиг хөнөөсөн ба чандрыг нь өнөөг хүртэл Энэтхэгийн Рева хот дахь Бабу Баван дурсгалын цэцэрлэгт хадгалж байсан юм. 

Гэвч энэ сарын хоёронд түүний чандрыг хулгайд алдсан ба гэмт хэрэгтнүүд зурган дээр нь ногоон будгаар урвагч гэж бичсэн байжээ. Учир нь зарим Хиндү шашинтнууд Гандиг Хиндү, Муслим шашинтнуудыг хагаралдуулсан урвагч гэж үздэг юм. 

Бабу Баван дурсгалын цэцэрлэгийн манаачийн хэлснээр тэрээр хаалгыг өглөө эрт онгойлгосон ба оройн 23:00 цагт эргэж ирэхэд чандар нь алга болсон байжээ. Улмаар Үндэсний конгресс намын дарга Гурмеет хяналтын камерын бичлэгийг шалгаж хэрэгтнүүдийг яаралтай олохыг цагдаа нарт даалгасан байна. 

Цагдаа нар хэрэгтнүүдэд үндэсний эв нэгдэлд халдсан, энх тайван байдлыг алдагдуулсан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. 

Энэтхэг дэх Британий колончлолыг эсэргүүцэн Ганди тайван замаар эсэргүүцэл илэрхийлж байжээ. Ийнхүү түүнийг ихэнх Энэтхэгчүүд улсын эцэг гэж үздэг ч Хиндү шашны хэт даврагчид Гандиг шашнаасаа урваж Мусламчуудыг дэмжиж байна гэж үздэг байна. 

Хэт даврагчид 1948 оны нэгдүгээр сард Гандигийн амийг хөнөөсөн ба цогцсыг чандарласан юм. Гэхдээ Хиндү шашны номлолын дагуу чандрыг нь голд урсгалгүй хэдэн хэсэг хуваан Энэтхэг даяар дурсгалын газарт байршуулжээ.  

Эх сурвалж: BBC, ABC