СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болсон ч энэ сарын 13-ны 14:00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь, хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн юм.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Тус зүйл ангид, “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэжээ.

Б.Махбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдсон юм.

Тэрээр 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон ба ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үед тус яамны Зам тээврийн бодлого хариуцсан газрын дарга байжээ.