Засгийн газрын хуралдаанаар үнэ нь нэмэгдэж иргэдэд хүндрэл учруулаад буй махны үнэ, хангамжид нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тогтоож арга хэмжээ авахаар боллоо. Тухайлбал, дулааны аргаар мах боловсруулан экспортолдог ААН-үүд Хүчит шонхор захаас түүхий эдээ бэлддэг байсныг тогтоожээ.

Дээрх ААН-үүд итгэмжлэгдсэн мах бэлтгэлийн үйлдвэрээс түүхий эдээ авах ёстой ч иргэдэд очих махыг замаас нь заримдаа бүр амьдаар нь авч гар аргаар төхөөрч байсан нь махны хангамжид нөлөөлсөн гэж үзлээ.

Энэ нь мах экспортлох журам, эрүүл ахуйг хангахгүй байгаа тул дулааны аргаар боловсруулсан мах болон хонь, ямааны махны экспортод дотоодын хэрэгцээнд нийцүүлэн жил бүр квот тогтоож байхаар боллоо. Мөн экспортлогчдыг экспортынхоо 10 хувьтай тэмцэх хэмжээтэй махыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байх шаардлага тавихаар болжээ.

Гэхдээ махны экспортын квотыг улирлын чанартай тогтоохоос жилийн дүнгээр бууруулахгүй байхаар тооцсон ба хэрэв дотоодын зах зээлд хүндрэл үүсвэл 3-5 сард махны экспортыг зогсоох асуудлыг ярих гэнэ.

Мөн өнгөрсөн онд 4000 тонн мах нөөцөлсөн нь махны хангамж хүрэлцээ, үнэд нөлөөлсөн гэж үзэн энэ жилээс 15 мянган тонноос багагүй мах нөөцлөхөөр болж, бэлтгэл ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Сүүлийн өдрүүдийн судалгаагаар махны үнэ 200-500 төгрөгөөр буурч байгаа ба цаашид хангамж сайжрахаар махны үнэ нөөцийн махны үнийн төвшин рүү орно гэдгийг салбарын сайд Ч.Улаан мэдэгдлээ.

Үүнээс гадна хуралдаанаар хүнсний ногоо, гурилын хангамжийн талаар хэлэлцсэн бөгөөд одоогоор 100 мянган тонн гурил үйлдвэрлэх нөөц байгаа юм. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах тооцоо судалгаа гарсан бөгөөд үнийн хувьд тогтвортой байна.

Түүнчлэн төмс хүнсний ногооны хангамж, үнэ нь харьцангуй тогтвортой, зарим төрөлд буурсан үзүүлэлттэй байгааг салбарын сайд мэдээллээ. Өнгөрсөн жил дотооддоо төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 47 хувийг хангах ургац хураан авчээ.