Сүүлийн үед дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдээд байгаа юм. Нийслэлийн статикийн газрын өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс үзэхэд махны үнэ өмнөх долоо хоногоосоо 60-115 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр махны үнэ долоо хоногийн дотор 1000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн ч гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл махны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг албаныхан улирлын хамаарал, ханшийн савлагаа, шатахууны үнэ, мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул, махны нөөц бүрдүүлэлтийн санхүүжилтийн эх үүсвэр оновчгүй зэрэгтэй холбон тайлбарлаж, үүнд махны экспорт голлон нөлөөлөөгүй гэлээ.

Мөн өнгөрөгч долоо хоногт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсэгт салбар яам, МХЕГ, Мал эмнэлэг, Монголын махны холбоо зэрэг байгууллага хувийн хэвшлийн төлөөлөл орж тодорхой санал боловсруулан, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

Тэд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулж, 2019 онд экспортлох махны квотыг хүн амын дотоодын хэрэгцээтэй уялдуулан тогтоох, квотыг ААН-д олгохдоо, хүсэлт гаргасан тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд хөнгөлөлттэй үнээр борлуулах талаар гэрээ байгуулах зэрэг саналыг дэвшүүлжээ.

Үүнээс гадна арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэх ажилд хүүгийн хөнгөлөлт үзүүлж нөөц бүрдүүлэх, нийслэлийн хүнсний хэрэгцээнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, эдгээр болон экспортыг зохицуулах салбар дундын ажлын хэсгийг томилох, малын дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах, аймаг, сумдын нөөцөлсөн махны судалгааг гаргаж, нийслэл рүү оруулж ирж буй мал, маханд хяналт тавих нь зүйтэй гэж үзсэн байна.

Улсын хэмжээнд мал төхөөрөх 52, боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн 100 хоногт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадалтай ч үүний 10-20 хувийг ашигладаг байна. Энэ нь мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоогүй, үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа зэрэгтэй холбоотой гэнэ.

Иймд эдгээр үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг улсын төсвөөс биш Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх нь зүйтэй гэж салбар яамнаас үзжээ.

Дашрамд дурдахад, манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг бөгөөд цаашид энэ хэрэгцээгээ бүрэн хангаж, жил бүр есөн сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй гэнэ.