Өнгөрөгч долоо хоногийн статистик үзүүлэлтээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10522 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11850 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Үүнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад Үхрийн ястай махны 62 төгрөг, үхрийн цул махны үнэ 100 төгрөгөөр мөн хонины ястай мах 136 төгрөг, цул мах 174 төгрөгөөр тус тус буурчээ.

Түүнчлэн хонь, үхрийн мах Хархорин, Баянзүрх захуудад хамгийн хямд буюу 9500-10500 төгрөгийн хооронд харин Меркури, Таван-Эрдэнэ захуудад хамгийн үнэтэй буюу 12 мянган төгрөг давсан үнээр худалдаалагдаж байжээ.

Энэ сарын 14-нд ХХААХҮЯ-аас мэдээлэл хийхдээ махны үнэ бууруулах арга хэмжээг шуурхай авч эхэлнэ гэж мэдэгдсэн юм. Мөн нөөцийн мах худалдах цэгийг нэмэгдүүлж амралтын өдрүүдээр өргөтгөсөн худалдаа зохиосон байна.

Энэ жил махны үнэ өнгөрсөн оноос 20-30 хувь хүртэл нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдэгдсэн бөгөөд энэ нь нөөцийн мах бэлтгэл хангалтгүй, махны нийлүүлэлт багассан зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан гэж мэдэгдсэн юм.

Иймд цаашид жилд 15 мянгаас доошгүй мах нөөцөлж, Засгийн газраас хонь ямааны махны экспортыг дотоодын хэрэгцээтэйгээ уялдуулан квот тогтоох, махны эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасдаг 4, 5-р саруудад мах экспортлохыг хориглох хүртэл арга хэмжээ авахаар болсон юм.