Шатахууны үнийн өсөлт, төгрөгийн ханшны уналт, цалингийн нэмэгдлийн сургаар өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байна. Тэгвэл он гарсаар эхний долоо хоногийн мах, хүнсний ногооны дундаж үнийг Нийслэлийн статикийн газраас гаргажээ.

Махны дундаж үнэ

Сүүлийн үед үнэ нь нэмэгдэж, томоохон худалдааны зах төвүүдэд олдоц нь багасаад буй махны үнэ энэ сарын эхний долоо хоногт,

  • Хонины ястай мах нэг кг нь дунджаар 6955 төгрөг,
  • Үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8580 төгрөгийн үнэтэй байна.

    Зураг: МХЕГ

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 төгрөгөөр өссөн бол үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах Хархорин хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Меркури хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 115 төгрөгөөр өссөн байна. Мөн Хархорин захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, Меркурид хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Дашрамд дурдахад, үхрийн ястай махны үнийг 2018 оны нэгдүгээр сартай харьцуулахад 2000 орчим төгрөгөөр, хонины ястай мах 1700 орчим төгрөгөөр нэмэгджээ.

Гурилын үнэ

Зураг: udriintoim

Энэ долоо хоногийн байдлаар хүнсний томоохон зах, дэлгүүрт Алтан тариа савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, I зэргийнх 1000-1200 төгрөг, II зэргийнх 800-1000 төгрөг байна.

Мөн Атар талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байгаа ба Баянзүрх, Бөмбөгөр, Барс, Хархорин хүнсний захуудад хамгийн хямд буюу 1200 төгрөг, Сансар супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Зураг: Montsame

Хүнсний зарим төрлийн ногооны үнэ өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол лууван өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар өсөж 1085 төгрөгөөр, байцай 1.4 хувиар өсөж 1075 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

Ийнхүү бараа бүтээгдэхүүний үнэ долоо долоо хоногоор өссөөр, цагаан сарын үеэр дахин үнээ нэмдэг нь бараг бичигдээгүй хууль болж иргэдийн амьдралд дарамт учруулсаар байна.