Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 1.8 хувиар, 2017 оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна. Ийнхүү үнэ өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, архи тамхи, шатахууны үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж ҮСХ мэдэгдлээ. Тодруулбал,  

  • Ундаа, усны үнэ 7.2 хувь,
  • Мах, махан бүтээгдэхүүний үнэ 20.7 хувь,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнэ 9.8 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины үнэ 7.7 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 16.0 хувиар өссөн байна.

Цагаан сар хаяанд ирсэн энэ үед бараа бүтээгдэхүүн, махны үнэ тэнгэр хадаад байгааг иргэд ихээхэн шүүмжилж байгаа юм. Иргэдийн зүгээс Хятад наймаачид махыг өндөр үнээр худалдан авснаас болж үнэ өсөж, зохиомол хомсдол үүссэн гэж хардаж байгаа бол албаныхан үүнийг няцаасан байна.

Албаныхны мэдээлснээр ханшийн савлагаа, шатахууны үнэ, мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул зэргээс шалтгаалан үнэ өсөж, хомсдол үүссэн гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 6980 төгрөг, үхрийн ястай мах 8745 төгрөг, үхрийн цул мах 10390 төгрөг, адууны ястай мах 6750 төгрөг, ямааны ястай мах 5800 төгрөгийн үнэтэй байна.

Сануулбал, шатахууны үнэ 12 сараас хойш гурван удаа нийт 250 төгрөгөөр буураад байгаа юм. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ огт буураагүй харин ч өссөн гэдгийг ҮСХ-ны мэдээ нотолж байна. ШӨХТГ-ын зүгээс худалдаа эрхлэгчдэд шатахууны үнэтэйгээ уялдуулан үнээ бууруулах зөвлөмж хүргүүлсэн ч тэд биелүүлэхгүй байгаа хэмээн мэдэгдсэн юм.