Хаврын улиралд махны нийлүүлэлт багасаж, үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Энэ дагуу махны үнэ харьцангуй өндөр байгаа ба үхрийн мах л гэхэд 11.800 төгрөгийг үнэтэй байна.  

Үүнтэй холбоотойгоор хотын дарга С.Амарсайхан Хүчит шонхор хүнсний зах дээр ажиллаж, махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзлаа. Махны худалдаачид энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа нь нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, экспортоор мах гаргаж байгаатай холбоотой гэж хэлсэн байна.

Харин хотын дарга С.Амарсайхан “махны үнийг элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд анхаарч ажиллана” гэжээ. Мөн хүнсний захын эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй байгааг санууллаа.

Энэ оны хаврын махны хэрэгцээнд зориулан 4.6 тэрбум төгрөгөөр нөөцийн мах бэлтгэхээр шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн оны хувьд 12 мянган тонн мах бэлтгэж нөөцөлсөн ба нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг гэнэ.

Махны үнэ тэнгэрт хадаж, эрэлт ихэссэн энэ үед үхсэн малын мах хот руу нэвтрүүлэхийг завдах явдал нэлээдгүй гарч байгаа юм. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн М энэ сарын найманд нийслэл рүү баталгаагүй 20 тн мах оруулахыг завдсан юм.

Тус махнаас НМХГ шинжилгээ авахад маханд бүлэн, булингар, давс үүссэн, шинэлэг чанаргүй буюу үхсэн болон өвчтэй малын мах гэх дүгнэлт гарсан байна. Иргэн М өмнө нь их хэмжээний үхсэн малын мах хадгалж байсан нь тогтоогдон торгуулж байсан юм.