УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан Утааны эсрэг лобби бүлгийн ажлын хэсэг Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй Их Майдар төслийн үйл явцтай танилцлаа.

Их майдар төслийн Майдар хотыг 2012 онд шинэ хотын төв болгохоор шийдвэрлэн, шавыг нь тавьсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Засгийн газраас Майдар хотыг барих 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм.

Богдхан уулын өвөрт байрлах Майдар эко хотыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулах ба 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон гэдгийг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурхны бодьсатва дүр, 108 метр өндөр Зарлиг увдисын суварга босгох бөгөөд Майдар бурхныг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог гэнэ.

Зураг: УИХ

Энэхүү бурхант хөшөө нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байх ба энэ онд багтаан бүтээж дуусгахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна удахгүй ашиглалтад орох олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэлтэй холбох хурдны зам, Орос-Хятадыг холбосон төмөр зам Майдар хотоос холгүй байршилтай байх тул үүнд тулгуурлан төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломж ч энд байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, Майдар хотын бүтээн байгуулалтад нийт 40 тэрбум доллар шаардагдах бөгөөд тус хотын зураг төслийг Монгол, Германы хамтарсан инженерүүд хийж байгаа юм.

Зураг: УИХ