Энэхүү хуулийн төслийг чуулган хэлэлцэж баталснаар Макаод ял эдэлж буй иргэд эх орондоо шилжин ирж ялаа эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Тавдугаар сарын байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэд эх орондоо ялаа эдлэх хүсэлтийг байнга ирүүлдэг байна. Эдгээр иргэд бүгд хулгайн хэрэгт холбогдсон гэж албаныхан мэдэгдэж байгаа юм.

Мөн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, мал амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар хил нэвтрүүлсэн зэрэг гэмт хэрэгт холбогдсон иргэд шалгагдаж байгаа гэнэ.

Сануулбал, Манай улс Хятадтай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаас хойш долоон иргэнийг тус улсаас шилжүүлэн авчээ. Гэвч одоогийн байдлаар манай улсын 111 иргэн Хятадад ял эдэлж байна.