Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Малчин лавлах-109 тусгай дугаарт 13 мянга гаруй дуудлага ирсэн байна. Тус дугаарт хамгийн их дуудлагыг Өвөрхангай-2186, Төв-1914, Архангай-1165, Увс-860, Хөвсгөл-856 ирүүлжээ.

Одоогийн байдлаар алдсан малын 300 гаруй, олдсон малын 17 зар ирсэн бөгөөд 53 малчин малаа олсон байна. Эдгээр 53 малчдын тав нь малаа жилээс дээш хугацаагаар хайж байсан юм.

Малчин лавлах-109 утсанд ирсэн малын зарыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мэдэгдэхээс гадна алдсан малын өндөр хандалттай фэйсбүүк групп болон сайт, Эх орон телевизээр цацдаг байна.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Малчин лавлах-109 мэдээллийн төвтэй хамтарч ажиллан мал хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Малчин лавлах-109 мэдээллийн төв нь ХХААХҮЯ-ны харьяа бөгөөд аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй юм.