Засгийн газраас боловсруулаагүй адууны ширийг экспортлох тухай тогтоолыг тавдугаар сард гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор давхардсан тоогоор таван ААН 241.648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлох гэрчилгээ авсан байна. Харин стандарт хангаагүй ширийг ХАА-н биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах юм. 

Мөн дөрвөн ААН ямааны боловсруулсан мах 50 тонн, үхрийн боловсруулсан мах 120 тонн, адууны түүхий мах 150 тонныг экспортлох гэрчилгээ авчээ. Хятад руу мах экспортлох ААН-үүд 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нөөцийн махны үнээр худалдан борлуулах ёстой юм. Харин дээрх дөрвөн ААН тус шийдвэрийн биелэлтийг хангасан байна. 

Сонирхуулбал, Эмээлт захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагдаад байгаа ба эдгээрийн 80 гаруй хувь нь гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн болон механик гэмтэлтэй байна. Энэ нь ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг байгаатай холбоотой бөгөөд манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлдэж 30-40 мянгаар нь гутал үйлдвэрлэдэг юм.