Ардчилсан нам эрх барьсан жилүүдэд улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, амьжиргааны түвшин доройтсоноос болсон уу иргэд 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д итгэж, 65 суудал бэлэглэв.

Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн өгсөн ард түмний итгэлийг МАН алдаж, хоёрхон жилийн дотор намын рейтингээ 49.7 хувиас 14 хувь хүртэл буулгаж чадав. Хэрэв 2020 оны сонгуульд тэд ялагдвал хариуцлага хүлээх улс төрчид нь намын удирдлагуудаас гадна доорх хоёр эрхэм ихээхэн нөлөөтэй.

Д.Гантулга: Парламентын хамгийн залуу гишүүн сонгогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд намтайгаа адил нэр хүнд нь чамлахааргүй өндөр байсан. Харин өнгөрсөн жил 25 настай эмэгтэйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдож, эхлээд няцааж байсан ч, эцэстээ тохиролцоод унтсан гэж мэдүүлсэн гэдэг.

Төрийн ордонд хүчингийн хэргийн тухай мэдээлэл өгөх үеэрээ сэтгүүлчийн асуултад бүдэрч, “Бандаашаа өмсөөд гарсан” хэмээн хариулснаар өөрөө “Бандааш Гантулга” болж нам нь “МАН Бандаашаа татсангүй” гэх хочлолд унаад байна. Хэнтийн уугуул хүү Д.Гантулгаас болж МАН-ын нэр хүнд шалаар нэг!

Су.Батболд: Монголчуудын талаас илүү нь амьдардаг хотын удирдагч ажлаа сайн хийвэл, мөн тооны хүмүүс МАН-ыг сонгох магадлал өндөр. Гэтэл экс хотын дарга Э.Бат-Үүлийг хотын иргэд аль хэдийн санаад эхэлсэн нь Барометрийн судалгаанаас харагдаж байна.

Хотын дарга үүрэгт ажлаа авч, Аз жаргалтай хотыг амласнаас хойш дөнгөж нэг жилийн дараа ерөнхийлөгчийн сонгууль болоход иргэд түүний ажилд өгсөн дүнгээ харуулсан гэхэд болно.

Орон нутагт М.Энхболд 45.33 хувийн санал авсан нь Х.Баттулгынхаас 1.84-хөн хувиар дутсан үзүүлэлт. Харин нийслэлд М.Энхболд жинхэнэ мад тавиулж Улаанбаатарчуудаас 36.62 хувийн санал авах үед Х.Баттулга 54.31 хувийг авч Ерөнхийлөгч болсон юм.

Үүнтэй адил 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлчүүд Су.Батболдоос дорвитой ажил хийгээгүйнх нь төлөө хариугаа авч, МАН-ыг унагах магадлалтай.

МАН нийслэлд унавал Их хуралд унадаг бичигдээгүй дүрэм бий. 2020 онд МАН ялъя гэвэл Су-гаа Бандааштай нь хамт татах хэрэгтэй.