МАН-ын хяналтын хороо хуралдаж, 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсон М.Энхболд , Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Гэхдээ намын дотоод дүрэмд заасны дагуу хариуцлага тооцох гэнэ. Тодруулбал, 60 тэрбумын асуудлыг судалж, үүндээ намын нэр хүндийг хутган, өөрийн биеэр хэргээ хүлээсэн А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг бага хурлаас чөлөөлөх тухай асуудлыг харьяалагдах намын байгууллагад нь өгөх юм байна.

Харин М.Энхболд МАН-ын хяналтын хороонд “худал цуу ярианд өөрийнхөө болон намынхаа нэр унагасанд хүлцэл өчсөн” хүсэлт ирүүлсэн тул түүний харьяалагддаг Удирдах зөвлөлд холбогдох хариуцлагыг хүлээлгэх санал гаргасан гэлээ.

Сануулбал, төрийн албан тушаалыг хууль бусаар наймаалцаж буй 60 тэрбумын бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олонд дэлгэсэн юм. Тус бичлэгт тухайн үеийн намын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар нарын яриа бичигдсэн байсан юм.

Гэвч энэхүү бичлэгийг АТГ, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагаас эвлүүлэг гэх дүгнэлтийг гаргасан юм. Харин зургадугаар сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэгтэй холбоотой нээлттэй сонсгол явуулах санал гаргаж, 19 гишүүний дэмжлэгийг авснаар сонсгол явуулах хуулийн орчин бүрдсэн ч хаврын чуулган хаасан юм.

Улмаар долдугаар сарын 10-нд 25 гишүүний гарын үсэгтэй ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн ч одоог хүртэл чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна.