МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэлээ. Хуралдаанд 43 гишүүн оролцсон ба дийлэнх нь хоригийг хүлээж авахаас татгалзаж, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Ингэснээр Улсын их хурлаар ард нийтийн санал асуулгыг явуулах хугацаа, зардлыг хэлэлцэхээр боллоо. Одоогоор ард нийтийн санал асуулгыг энэ онд эсвэл 2020 оны сонгуультай хамт явуулах талаар хэлэлцэж байгаа юм. Учир нь ард нийтийн санал асуулгыг дангаар явуулах нь ирц бүрдэхгүй байх магадлалтай байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хууль зүйн болон улс төрийн боломжгүй” гэж үзжээ.

Ард нийтийн санал асуулгыг явуулах хугацааг тогтсоноор хуулийг сурталчлах ажлыг эхлүүлэх юм байна. УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулгыг орон даяар явуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 30, 31-нд, гадаадад амьдарч буй иргэдийн саналыг 19, 20-нд авахаар тогтсон юм. 

Гэвч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль бусаар явагдсан гэж үзжээ.