Сүүлийн үед ЖДҮ-ийн асуудлаас үүдэн Засгийн газрыг огцроох, УИХ-ыг тараах асуудал дээр дооргүй яригдах топ сэдвүүдийн нэг болоод байна. У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагаж, МАН-ын олонх болсон УИХ-ыг тараах асуудал дан ганц сөрөг хүчин, захиалгат жагсагчдын аманд бус МАН-ын тогоон дотор харших боллоо.

Хоёр толгойтой могой мэт болчхоод буй МАН-ын хагарал улаан цагаандаа гарч нэгнийгээ унагахаар нөгөөх нь гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тухайлбал, Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн даргаас хусагдсаныхаа маргааш Засгийн газраа огцруулахаар өөрийнхөө бланкан дээр гарын үсэг цуглуулж эхлээд байгаа юм.

Түүний хэлж буйгаар “Засгийн газрыг огцруулахаар хангалттай гишүүд гарын үсэг зурсан байгаа, эрх биш энэ асуудлыг нам дотроо ярих байх” зэргээр намын даргаа сүрдүүлж эхлээд буй.

Гэтэл өнгөрсөн Бямба гарагийн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч тарья” гэх уриалга гаргаад эхэллээ.

Тэрээр “ЖДҮ-д холбогдсон хүмүүст хариуцлага тооц гэсний төлөө хэвлэлээр намнадаг, гүжирддэг, тэр ч бүү хэл үүнийг УИХ-ын гишүүд нь өөрсдөө захиалдаг. Нийгмийг бухимдуулаад байгаа хэргүүд энэ мэтээр замхарч байна. Ард түмэнд бид юу хэлж, юу амлах юм. Монголын төр тоглоом болж дууслаа.Тиймээс өөрийнхөө бланкан дээр УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсгийг цуглуулна. УИХ, Засгийн газар нь огцорч ард түмнээрээ дүнгээ тавиулъя” гэлээ.

Монголын парламентын түүхэнд намынхаа байгуулсан Засгийг нам нь өөрөө унагасан тохиолдол энэ дөрвөн жилд гарсан. Ж.Эрдэнэбатын засаг концессоос болж унасан гэгддэг бол У.Хүрэлсүхийн засгийн газар ЖДҮ-гээр өндөрлөж, МАН засаглах дөрвөн жилээ гурав хэмжиж, хоёр огтлох шинжтэй. Уг нь Монголчууд долоо хэмжиж нэг огтол гэдэг сэн.

Харин үүний ард Ерөнхийлөгчийн амнаас үе үе цухалзах болсон Засаглалын шинэ тогтолцоо шил дараатай яваа нь мэдээж. Угаасаа ч МАН-ын хагарлыг сөрөг хүчнээс ч илүү ажиж, тогтолт хийж чадаж байгаа ганц хүн нь ерөнхийлөгч Х.Баттулга. Түүний зурсан шүдэнз зүгээр ч нэг унгасных биш хуурай өвсөнд хэт цахисан мэт болчхоод байна.