Олон улсын ил тод байдлын байгууллагаас 2018 оны авлигын индексийг танилцууллаа. Энэхүү индекс нь дэлхийн 180 орны шударга байдал, авлигатай тэмцэх систем зэргийг жагсааж 0-100 оноогоор дүгнэдэг байна.

Үүнээс 0 оноо нь авлигад маш ихээр автсан, 100 нь огт авлигагүй гэсэн үг юм. Энэ жилийн жагсаалтаас үзэхэд нийт улсуудын гуравны хоёр нь 50-аас бага оноо авсан бөгөөд нийт дунджаар 43 оноо авчээ.

Мөн Аргентин, Зааны ясан эрэг зэрэг 20 орон 2012 оноос хойш мэдэгдэхүйц өсөлт үзүүлсэн бол Австрали, Чили, Малт зэрэг 16 орны индекст өөрчлөлт гараагүй байна.

Нийт индескээр Дани улс 88, Шинэ Зеланд 87 оноо авч жагсаалтыг тэргүүлсэн бол Сомали 10, Сири 13, Өмнөд Судан 13 оноогоор хамгийн доор бичигджээ.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үзүүлэлт 44 оноо байснаас Шинэ Зеланд 87, Сингапур 85 оноо авсан бол Хойд Солонгос хамгийн бага буюу 14 оноо авсан байна.

Харин манай улсын хувьд 37 оноотойгоор 93-т бичигдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жилээсээ нэг оноогоор ахисан үзүүлэлт болжээ. Уг индексээр манайх 1999 онд хамгийн өндөр буюу 43 оноо, 2009 онд хамгийн бага буюу 27 оноо авч байсан юм.

Эх сурвалж: Transparency