Манай улс энэ жил өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 63 орноос дахин 62-т орсон бол манай улсын доор эдийн засгийн хямралд ороод байгаа Венесуэл улс бичигджээ. Харин Азидаа хамгийн сүүлд буюу Филиппиний доор жагссан байна.

Швейцар дахь Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс гаргадаг уг индексийг Сингапур улс 2010 оноос хойш анх удаа тэргүүллээ. Харин хоёрдугаар байранд татвар бага, бизнесийн таатай орчинтой Хонг Конг орсон бол гуравдугаар байранд өнгөрсөн оны тэргүүлэгч Америк улс бичигдсэн байна.

Уг индексийг тухайн улсын Засгийн газар, эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байрны нөөц, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бизнес эрхлэгчдэд эдийн засгийн таатай орчин бүрдүүлсэн эсэхээр нь үнэлдэг юм.

Ингэхдээ ажилгүйдэл, ДНБ, эрүүл мэнд, боловсролын салбар дахь Засгийн газрын хөрөнгө оруулалт, нийгмийн уялдаа холбоо, даяарчлал, авлига зэрэг үзүүлэлтийг хавсарган үздэг байна.

Судалгаанаас үзэхэд Ази, Номхон далайн 14 орны 11-ийнх нь эдийн засаг өссөн, зарим нь хуучин байраа хадгалжээ.

Үүнээс Индонез улс дэд бүтэц, бизнесийн нөхцөлөө сайжруулснаар өмнө жилийнхээс 11 байр урагшилж 32-т бичигдсэн үзүүлэлт гарчээ. Мөн Тайланд улс гадны шууд хөрөнгө оруулалт, үр ашгаараа өмнө оноос таван байр урагшилж 25-д бичигдсэн байна. Харин Японы эдийн засаг удааширч бизнесийн орчин муудсан, Засгийн газрын зээл ихэссэн зэргээс болж таван байр ухарч 30-д жагсжээ.

Эх сурвалж: IMD