Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан явуулж буй “UNFRIEND хөдөлгөөн” аяныг дэмжиж, эцэг эхчүүд, нийт иргэдийг нэгдэхийг уриаллаа.

Энэ хүрээнд мэргэжлийн байгууллага, хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд явуулсан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Засгийн газрын шат шатны бодлого шийдвэрт тусган ажиллахаа мэдэгдлээ.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар улсын хэмжээнд 3.8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2.5 сая нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас байна.

Харин ухаалаг утас ашиглагчдын дийлэнх нь өсвөр насныхан төдийгүй энэ нь зарим талаараа сөрөг үр дагавар үзүүлэх болжээ.

Тухайлбал, хүүхдүүд цахим орчинд хараа хяналтгүй оролцдогоос үүдэн гэмт хэрэгт холбогдох, сэтгэл санаа бие махбодиороо хохирсон тохиолдол өмнөх оныхоос хоёр дахин их бүртгэгдсэн байна.

Иймд цахим орчинд хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах чиглэлд шат шатны байгууллага, тэдний гаргасан санал санаачилгыг дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

Сануулбал, ЦЕГ-аас санаачлан эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, тэдний фэйсбүүк хаягт байгаа өөрийнх нь танихгүй хүмүүсийг UNFRIEND хийх аяныг эхлүүлээд байгаа юм.

Зураг: Засгийн газар