Чихрийн шижин өвчлөл нь сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амд хурдацтай тархаж буй бөгөөд өвчний тархалт 1980 онд 108 сая байсан ч түүнээс хойш хоёр дахин нэмэгдэж 4.7 хувиар өсчээ.

Тухайлбал, 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна гэж ДЭМБ- судалгаандаа дурджээ.

Энэ жил чихрийн шижинтэй тэмцэх өдрийг манай улс Гэр бүл ба чихрийн шижин уриан дор зохион байгуулахаар боллоо. Учир нь гурван хүн тутмын хоёр нь гэр бүлийнхээ чихрийн шижинтэй хүнд хэрхэн туслахаа мэддэггүй байна. Иймд тус өдрийн хүрээнд уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн тусламж үзүүлэх зэрэг мэдлэг мэдээлэл олгох гэнэ.

Монголд сүүлийн жилүүдэд зүрх судас,чихрийн шижин өвчнөөр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаа нь тоо баримтаас харагдаж байна.

Тухайлбал, уг өвчлөл 1960-аад оны үед манай улсад бүртгэгдээгүй байжээ. Гэвч 1999 онд явуулсан судалгаанд 30 орчим мянган хүн, 2009 онд хийсэн судалгаагаар 60 гаруй мянган хүн чихрийн шижин өвчтэй байжээ. Харин 2017 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10 мянган хүн амын 100.8 нь чихрийн шижинтэй байгаа нь өмнөх оноос 22.2-оор өссөн байна.

Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог ба сахарын түвшин ихэссэн үед нь ам их цангах, ойр ойрхон шээх, ядарч сульдах, шалтгаангүйгээр турах, арьс загатнах, идээт зүйл гарах, хараа муудах, нойронд муу болж, шарх удаан эдгэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Энэхүү өвчлөлөөс эрүүл зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн, иог хийх, эрүүл жинтэй байх, хорт зуршлаас татгалзах зэргээр урьдчилан сэргийлээрэй.