Монгол улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн түвшин Вьетнамтай ойролцоо, Лоасоос хоёр дахин өндөр байна. Гэвч хүчирхийллийн түвшин ижил ч Монгол эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж буй байдал нэлээд ялгаатай байгаа юм. 

Өөрөөр хэлбэл хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 42.8 хувь нь бэртэл, гэмтэл авсан байгааг ҮСХ-ны 2018 оны судалгаанаас харж болно. Тодруулбал, 65.2 хувь нь хөх няц болсон, 20.1 хувь нь яс үүрсэн, 49.4 хувь нь толгойн гэмтэл авч тархи хөдөлсөн, 19.8 хувь нь чихний хэнгэрэг цоорч, нүд нь гэмтжээ. 

Гэтэл хамгийн ноцтой нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд найз нөхөд, эцэг эхээсээ хамгийн түрүүнд тусламж хүсдэг бөгөөд хамгийн сүүлд мэргэжлийн байгууллагад ханддаг байна. Учир нь, дийлэнх хохирогчид эдийн засгийн хувьд нөхрөөсөө хараат байдаг ба “Удахгүй засрана” гэсэн горьдлого тээн амьдардаг гэнэ. 

“Мэс заслын тасагт хэвтээд нүүр, толгойдоо оёдол тавиулж байсан. Эмч нар ‘тун удахгүй чамд оёдол тавих газаргүй болох нь’ гэж хэлж байсан. Хутга, сэрээ гээд гарт таарснаараа намайг гэмтээдэг байсан. Том сэрээ байсныг аваад шууд хөл, гар руу зоогоод цус гоожиж байхад хамар руу өшиглөсөн. Шүд хугартал цохисон. “Чи намайг алах юм байна, би эндээс амьд гаръя” гэхэд улам бүр зодсон. Тэгэхэд нь би юу ч дуугаралгүй ухаан алдсан хүн шиг хөдөлгөөнгүй дээшээ хараад хэвтсэн чинь дээрээс 10 литр хүйтэн ус асгасан. Одоо би элэг, ходоод, савны хавдартай болсон” хэмээн судалгаанд хамрагдсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ярьсан байна. 

Уг нь хохирогч болсон даруйдаа мэргэжлийн байгууллагад хандахыг албаныхан зөвлөдөг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд таван түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний гурван төв байгаа юм. Эдгээр байгууллага нь хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслалцаа үзүүлж 72 цагийн хугацаанд байршуулж, дараа дараагийн байгууллагатай холбодог. 

Тиймээс хохирогч болсон даруйдаа “Анхных юм чинь, засрах байлгүй” гэж найдалгүйгээр мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.