Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын /FATF/ Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлгийн /APG/ уулзалт Балба улсын Катманду хотод болж өнгөрлөө.

Уулзалтад манай улсаас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын төлөөлөгчид оролцож, 2017 онд FATF-аас өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буйгаа тайлагнасан байна. Харин тэд тайланг сонссоныхоо дараа зөвлөмжийн үр дүнг харах нь зүйтэй гэж үзэн FATF-ын саарал жагсаалтад оруулах хугацааг нэг жилээр сунгалаа.

Сануулбал, 2017 онд FATF-аас манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж, саарал жагсаалтад орох тун эрсдэлтэй орноор нэрлэж, эрчимтэй хяналтад оруулсан байдаг. Улмаар хууль, эрх зүйн орчноо FATF-ын 40 зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчлөх даалгавар өгсөн юм.

Гэвч FATF-ын саарал жагсаалтад орох нь манай улсад асар их хохиролтой гэдгийг албаныхан хэлж байна.

Тухайлбал, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “Саарал жагсаалтад орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулж, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг” гэв. 

Саарал жагсаалтад FATF-ын стандартыг хангалттай биелүүлээгүй улс ордог бол хард огт биелүүлээгүй орнууд ордог байна. Саарал жагсаалтад орсноор хар руу орох магадлал ихэснэ. Хэрэв манай улс хар жагсаалтад орвол FATF 37 гишүүн орноо Монголын эсрэг арга хэмжээ авч, бусад улстай хийх бизнесийн зардал зэргийг нэмэгдүүлэхийг үүрэг болгодог байна.

FATF-ын саарал жагсаалтад орсон орнууд: Серби, Тунис, Ирак, Сири, Иемен, Этиоп, Шри Ланка

FATF-ын хар жагсаалтад орсон орнууд: Иран, Хойд Солонгос

Манай улс өнгөрсөн онд татварын сайн засаглал бүрдээгүй гэх шалтгаанаар Европын холбооны хар жагсаалтад орсон юм. Улмаар хар жагсаалтаас гарах хүсэлт илгээн тэдний тавьсан шаардлагыг биелүүлж, татварын орчноо сайжруулахаа амласнаар нэгдүгээр сард Европын Холбооны хар жагсаалтаас гарсан юм.

Гэвч энэ удаад Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын саарал жагсаалтад орох тухай яригдаж эхэллээ. Ямартай ч саарал жагсаалтад оруулах хугацааг нэг жилээр сунгасан учир энэ хугацаанд багтан өгсөн зөвлөмжийг биелүүлэх л үлдлээ.