УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын Баялагтаа эзэн Монгол лобби бүлгийн гишүүд МАНАН мафийн гар хөл болсон шүүгч нарын эсрэг тэмцлээ эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэд мэдээллийнхээ эхэнд дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, шүүгч Ч.Цогт, Х.Идэр зэрэг МАНАН-ийн гар хөл болсон шүүгчид байсаар байгаа цагт Монголын шүүх өөрчлөгдөхгүй гэлээ. Мөн эдгээр шүүгч нар шинээр томилогдсон гишүүдийг дарамталсан мэдээлэл ирсэн тул шүүхийн реформыг хийж тэмцэнэ гэв.

“МАНАН мафийн хар тамхины сүлжээ саяхан ил болж эхэлсэн. Хар тамхи, зэвсгийн наймаанд холбогдсон 36 албан тушаалтны нэр ил болоод байна. Үүний ард өнөөх МАНАН мафийн том генерал, шүүгч нар байгаа гэх мэдээлэл бий” гэж Ж.Батзандан хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Бид анх тохуурхаад МАНАН мафи гэсэн ч үнэхээр байгалийн баялаг, авлига, төрийн албаны наймаа, тамхи хар тамхины хэргээр санхүүждэг нь ил болж, жинхэнэ мафи байсан илэрсэн” гэж ярьсан юм.

Дээрх гишүүд нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болжээ. Мөн хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийх гэнэ.

Үүнээс гадна Эрдэнэтийн 49, Стандарт банк, С.Зоригийн хэрэг гээд дуулиант хэргүүд шүүхийн эцсийн шатандаа шилжиж байгаа энэ үед бид шүүхийг нүд цавчилгүй харах ёстой гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ч.Цогт, М.Батсуурь тэргүүтэй шүүгчид сүүлд томилогдсон энгийн шүүгч нарыг дарамталж гэр бүлийг нь оролдож байгаа учраас арга буюу олон нийт рүү хандаж байна. Бид шүүхийн хараат бус байдалд халдаагүй. Шүүгч Х.Идэр Эрдэнэтийн 49 хувийг шийдээд шүүхээс гарсан ч яах уу гээд яриад явж байна. Бид ийм л шүүхийн хараат, хууль бус системийг л эсэргүүцэж байна” гэлээ.

Хэрэв жаахан л тэмцлээ сулруулбал эдгээр хэргийг өөр тийш шийдэх магадлал маш өндөр байгаа тул тэмцлээ ийнхүү үргэлжлүүлж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн өнөөдөр АТГ, ТЕГ-ын даргад Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан хэргээс үүдэн Өмнөд Африкийн Стандрат банканд хураагдсан үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг ил болгохыг хүссэн албан бичиг хүргүүлсэн байна.