Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хятадын Манжуур хотод Монголын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж өргөн мэдүүлэхээр боллоо.

Ингэснээр Манжуур болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэх юм.

Манжуур нь Монголчуудын худалдаа наймаа хийх, аялж зугаалахаар олноор зорьдог хотуудын нэг ба өнгөрсөн онд л гэхэд дээрх боомтуудаар давхардсан тоогоор манай улсын 260 орчим мянган иргэн Манжуурт зорчжээ.

Манжуур нь Хятадын хуурай газрын хамгийн ачаалалтай хилийн боомт бүхий хот бөгөөд Хятадын Зүүн Европтой хийж буй гадаад худалдааны 60 орчим хувь нь энэ хотоор дамждаг байна.