ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мөрдөн шалгасан хар тамхины хэрэгт холбогдсон дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, иргэн Б нь 2018 оны 10 сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох өвсийг түүж бэлтгэн, орон сууцандаа 3.83 грамм шавар гэх, 18.7 грамм тоос гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан байна.

Улмаар өнгөрсөн гуравдугаар сард 2.41 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах бодисыг Э нарын гурван хүнд худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сард хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан, бусдад худалдаалсан гэм буруутайд тооцож таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.

Харин холбогдогч гурван шүүгдэгчийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, хадгалсан гэм буруутайд тооцож 1-2 жилийн ял ногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Прокурорбн байгууллагаас мэдээллээ.

Сануулахад, өнгөрсөн сард Туркийн Истанбул дахь Монголын консулын хоёр ажилтан 70 гаруй кг хар тамхийг албаны машинаар улс дамнуулан тээвэрлэж байгаад баригдсан хэрэг гарсан юм.