Өдөрт 1.47 тэрбум хүн идэвхтэй хэрэглэдэг Фейсбүүкт өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 30 мянган хүн ажиллаж байна.

Фейсбүүк компани сүүлийн үед олон шүүмжлэл хүлээх болсон ч тэнд ажиллах хүсэлтэй залуусын тоо буураагүй юм.

Компаний гүйцэтгэх захирал Марк Зукерберг боловсон хүчнээ сонгохдоо “Өөрөө удирдлаган дор нь ажиллахыг хүсэхгүй хүнийг битгий сонго” гэх энгийн, шулуухан зарчмыг баримталдаг гэнэ.

Тэрээр энэ талаар хэлэхдээ “Би хүмүүст өөрийнхөө дарга болгохыг хүссэн хүнээ ажилд ав гэж хэлдэг. Яг л манай компаний үйлчилгээний хэлтсийн дарга Шерил Сандберг, бүтээгдэхүүний хэлтэсийн дарга Крис Кокс шиг хүмүүс. Би тэдний удирдлаган дор дуртайяа ажиллана” гэсэн байна.

Мөн тэрээр, “Амжилттай яваа компаний удирдлага өөрөөсөө чадварлаг хүнийг ажилд авахаас эмээдэггүй. Хэрэв ажилд авах гэж байгаа хүн дарга чинь байсан бол ямар байхыг бодоод үз. Ийм хүнээр удирдуулахгүй гэж бодож байгаа бол түүнийг ажилд авах хэрэггүй” гэжээ.

Тэрээр Шерил Сандбергийг ажилд авахдаа түүний авъяас чадварыг шууд л олж харсан байна. Зукерберг энэ талаараа, “Шерил надаас чадварлаг байсан. Энэ нь намайг болон Фейсбүүкийг хүчирхэгжүүлдэг. Би түүнээс айж эмээдэггүй харин ч их үнэлдэг” гэсэн байна.

Эх сурвалж: CNBC