Өнгөрсөн жилийн 3 сарын 8-нд цаг агаар -2 градус байсныг тодхон санаж байна. Учир нь хагас нүцгэн эмэгтэйчүүд “Бидэнд баярлах шалтгаан алга” гэх лоозонтой талбай дээр жагсаж, хажуугаар нь өнгөрөх өвлийн хувцастай иргэд гайхан харж, зарим нь шоолж инээж байлаа.

Тэгвэл нөгөө “хагас нүцгэн” ээжүүд дахин жагсах нь. Тэд Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбоогоор овоглодог. Зарим нь тэднийг Худалдаачдын холбооны гишүүд гэдгээр нь ч танина. Тэгвэл ээжүүд маань худалдаачдын төлөө бус, холбооныхоо төлөө ч бус харин Монголын нийт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж Мартын 8-нд жагсах гэж байна.

Тэдний төлөөлөл Ээжүүдийн холбооны гүйцэтгэх захирал, уг мэргэжил нь уртын дууч, СТА Б. Нарангэрэлтэй ярилцлаа.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хийх жагсаалын зорилго нь юу вэ?

Өнгөрсөн жил манай холбооны гурван эмэгтэй хагас нүцгэн жагссан. Харин энэ жилийн хувьд өргөн хүрээнд, олныг хамарсан жагсаал хийх гэж байна. Зорилго нь бид өргүй, хүчирхийлэлгүй нийгэмд амьдрахыг шаардаж жагсах болно.

Бид ямар нэгэн шаардлага хүргүүлэхгүй. Ард түмэн ядуу, ажилгүй, орлогогүй байна. Тиймээс бид үгээ хэлье, Үндсэн хуульд заасны дагуу бид эх орондоо хүчирхийлэлгүй өргүй, тайван сайхан амьдармаар байна. Энэ 3 сарын 8-ны жагсаал бол нийт Монголчуудын эрх ашгийг хамгаалсан, шаардсан жагсаал байх болно.

Гадаа хүйтэнд яагаад заавал хагас нүцгэн жагсаж байгаа юм бэ?

Тэр байтугай манай холбооны таван эмэгтэй нэгдүгээр сарын 28-нд гадаа 40 орчим минут хагас нүцгэн жагссан ш дээ. Худалдаачдын холбооны анхдугаар хурлаас гарсан долоон шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, тиймээс бид биелүүлэхийг шаардаж Ардын намын үүдэнд жагссан. Өдийд бол дулаахан ш дээ. Манай эмэгтэйчүүд их зоригтой байгаа шүү.

Өмнө хоёр ч удаа жагсаал хийсэн. Үр дүнд хүрч чадсан уу?

Эхний жагсаалын зорилго бол нийгмийг цочроох, эмэгтэйчүүдийн дуу хоолойг төрийн өндөрлөгүүдэд хүргэх байсан. Харин хоёр дахь жагсаалаар долоон шаардлагыг биелүүлэхийг эрх баригчдаас шаардсан. Энэ долоон шаардлага зөвхөн худалдаачидтай холбоотой зүйл биш ээ. Хүмүүсийг ажилтай, орлоготой болгоё, өдрийн зээл гэдэг тахал шиг зүйлийг болиулъя, худалдаачдыг дампууруулдаг өндөр түрээстэй худалдааны төвүүд бус хотын захад ард түмний зах байгуулах тухай санал хүсэлтийг бид тавьсан. Жагсаалын дүнд Ардын намтай хамтран ажиллах эхлэл тавигдаад байна.

Зарим хүмүүс та бүхний жагсаалыг эсэргүүцэж, залуу үедээ буруу үлгэр дуурайлал үзүүлж байна, худалдаачид Мартыг ашиглаж байна гэхчлэн янз бүрээр хэлж байгаа харагддаг. Та үүнд ямар хариулт өгөх үү?

Бид 27 жил дуугүй амьдарлаа, тэвчлээ. Төрд гарсан хэдэн луйварчид нь баяжаад тэрбумтан болоод байдаг. Гэтэл ард түмэн нь ядуу амьдраад байдаг. Бид ЯАГААД, ЯАГААД, ЯАГААД гэж асуумаар байна. ХЭРВЭЭ гэж бас асуумаар байна.

Хэрвээ төрд гарсан хүмүүс зөв бодлого гаргаад, ард түмэн сайхан амьдарч байсан бол бид ингэж жагсах шаардлагагүй,

Хэрвээ ажилтай, орлоготой, ажлын байртай байсан бол бид ингэж жагсахгүй,

Хэрвээ өргүй байсан бол жагсахгүй ээ.

Худалдаачид бол нийгмийн нэг хэсэг,  гэхдээ үүнийг худалдаачид л жагсана гэж битгий эндүүрээрэй. Худалдаачдын холбооны нэр дор жагсаж байгаа ч бид нийт Монголчуудын эрх ашиг, нийт эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсах болно.

Өмнөх жилийг бодвол энэ жилийн арай дулаан буюу +2 градус дулаан байх нь …

Нэгдүгээр сарын 28-ны -23 хэмийн хажууд юу ч биш юм байна шдээ.

Тиймээ, гэхдээ та бүхэн цагдаа нартай нүүр тулж байсан. Тэд жагсаалыг тараах гэж оролдож, мөн байцаалт ч авсан. Дараа нь шүүхээс та бүхнийг тус бүрд нь 50 мянган төгрөгөөр торгосон. Үүнээс илүү зүйлс тохиолдох вий гэж айж байна уу?

Айхгүй. Бид тэмцсээр байх болно. Яагаад гэвэл бид үндсэн хуульд заасан эрхээ шаардаж байгаа учир бид хэнээс ч юунаас ч айхгүй. 2017 оны судалгаагаар Монгол улсад 3 эмэгтэй тутмын 2 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, насанд хүрээгүй 14-16 насны 3616 охид хүүхэдтэй болсон, 14-20 насны 18619 охид үр хөндөлт хийлгэсэн байна. Нийгэмд ийм аймшигтай зүйлс алхам тутамд болж байгаа учраас манай ээжүүдийн холбоо нийт эмэгтэйчүүдийн дуу хоолой болж жагссаар, тэмцсээр байх болно.

Жагсаал хэдэн цагаас эхлэх вэ? Одоогоор хэдэн хүн ирнэ гэж тооцоолж байна?

300 гаруй хүн жагсана гэх ташаа мэдээлэл яваад байна лээ. Манай ээжүүдийн холбооны 10 гаран эмэгтэйчүүд хагас нүцгэн жагсана. Биднийг дэмжиж мөн өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр нилээдгүй эмэгтэйчүүд ирнэ гэдгээ мэдэгдээд байна.

Мөн орой 20 цагаас гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж амь насаа харамсалтайгаар алдсан ээж, охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн дурсгалд зориулж мянган зул асаана.

Та бүхнийг хагас нүцгэн жагсаж байх үед олон эмэгтэйчүүд Мартаа тэмдэглээд дулаан газар сууж байх болов уу. Тэр эмэгтэйчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

Уг нь 3 сарын 8 бол Олон улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр байхгүй юу. Энийг манайхан хэтэрхий баяр цэнгэлийн өнгө аястай болгож тэмдэглэж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг болж байна, бүтэж байна гэж өөрсдийгөө хуураад баярлаад байх шиг. Энэ өдрийг бид ‘Энэ бол тэмцлийн өдөр юмаа, эмэгтэйчүүдийн дуу хоолой орон даяар сонсогдож, эрхээ хамгаалах өдөр юм шүү’ гэдгийг мэдүүлэх зорилготой. Болж бүтэж байвал ямар ч эмэгтэй гадаа хүйтэнд жагсах биш, дулаан гэртээ баярлаад суухыг хүсэлгүй л яахав. Гэхдээ болохгүй зүйлс маш олон байна шүү дээ. Тиймээс 11 цагтаа талбай дээр ирээд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, төрдөө дуу хоолойгоо хүргээд, орой нь гэртээ очоод баярлаж болно ш дээ.

Баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

Хэрвээ та өртэй бол, хэрвээ та амьдралынхаа хугацаанд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол 3 сарын 8-ны өдрийн жагсаалд ирж эрхээ хамгаалан жагсаарай гэж уриалъя.