Нийслэлийн газрын албанаас зориулалтын бус газарт болон ил задгай машины худалдаа эрхэлж буй иргэн, ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлэх ажлыг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ хүрээнд Хотын даргын захирамжаар энэ сарын 20-22-нд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нийт 62 ААН-д гурав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлжээ.

Тус албанаас өгсөн шаардлагын дагуу энэ сарын 27-нд дээрх газарт шалгалт хийхэд 62 ААН, байгууллагаас 16 нь л зөрчлөө арилгасан байна. Иймд холбогдох хуулийн дагуу зөрчилтэй 46 ААН-ээс 15-ынх нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 31 иргэний газар өмчлөх эрхийг цуцлах саналыг Хотын даргад хүргүүлжээ. 

Мөн өнөөдрөөс эхлэн газар эзэмших эрхийг цуцалсан 15 ААН-ийн газрыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлсэн байна. Харин иргэний өмчилсөн газрыг Хотын дарга цуцлах эрхгүй тул газраа зориулалтаар ашиглаагүй гэх үндэслэлээр дээрх 31 иргэний газрыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж мэдэгдлээ. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, НМХГ-тай хамтран зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байсан зургаан иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн ААН-ийн 1000 гаруй авто машиныг зориулалтын цэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.