Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Олон улсын баавгай судлал, хамгааллын нийгэмлэгийн ерөнхийлөгч Андреас Зедроссер, баавгай судлаач эрдэмтэн Харри Волентин нартай уулзлаа.

Уулзалтын үеэр ойрын жилүүдэд манай улсад Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн бага хурлыг зохион байгуулах талаар ярилцсан байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зөвхөн Монголд үлдсэн мазаалайн тоо толгой хэт цөөрч, 30 гаруйхан үлдсэн гэдгийг дурдаад үүнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, авран хамгаалахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ үеэр мазаалайгаас гадна Монгол орны хүрэн баавгайн тоо толгой мөн эрс цөөрч байгааг тэмдэглээд ан амьтан, баавгай хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана гэжээ.

Олон улсын баавгай судлал, хамгааллын нийгэмлэг нь 1972 оноос дэлхий даяар үйл ажиллагаа явуулж, тогтмол сэтгүүл гарган, жил бүр орон орны эрдэмтэн судлаачдыг хамруулсан баавгай судлалын бага хурлыг хийдэг байна.

Сонирхуулбал, Хятадын засгийн газраас Мазаалайг хамгаалахад зориулж 660 мянган юанийн тоног төхөөрөмж өгсөн юм. Мазаалай нь улаан номд орсон бөгөөд 1960 онд 15-20, 1970 онд 20 гаруй, 1980 оны сүүлчээр 50-60 тоо толгой байжээ. Харин хамгийн сүүлийн судалгаагаар 30 гаруй тоо толгой байгаа нь тогтоогджээ.