Залуучуудын хөгжлийн газраас MKIT сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр гадны улсаас захиалга авч, гүйцэтгэл хийх 500 нээлттэй ажлын байр зарлалаа.

Ажлын байрны тухайд эх орондоо хөдөлмөр эрхлэнгээ гадаад улсаас аутсорсингийн захиалга авч, гүйцэтгэх боломжтой гэдгээрээ давуу талтай гэнэ. Мөн цалин хамгийн багадаа нэг сая төгрөг байна гэж мэдэгдлээ.

Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болох ба багаар ажиллах, өөрийн хувийн ур чадвар зэргээрээ ялгарч ажлын байранд шууд гарах боломжтой гэнэ. Мэдээлэл технологийн чиглэлээр залуучуудыг сургаж, гүйцэтгэл сайтай ажиллаж чадвал Америк, Япон зэрэг улсуудтай хамтран ажиллах боломжтой байна.

MKIT төв нь мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлдэг бөгөөд найман төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг юм.

Уг төв нь 20 иргэнийг Солонгосын КОЙКА олон улсын байгууллагын төслийн санхүүжилтээр cap бүр 440 мянган төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 хүнийг ажлын байранд холбож өгчээ. Үнэгүй сургалт зохиож эхэлснээс хойш нийт 1,893 иргэн сургалтад хамрагдсан байна.

Сургалтын төвд элсэн, бүртгүүлэхийг хүсвэл энэхүү линкээр нэвтэрч болохоос гадна сургалтын төвд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. Хаяг: Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих төв, MKIT сургалтын төв. Лавлах утас: 70122999