Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэгт хийж буй айлчлал тав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр айлчлалын хүрээнд мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар Энэтхэгийн Бенгалуру хотод ирлээ.

Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхсан байна. Тэрээр мэдээллийн технологийн чиглэлээр Монгол оюутнууд тус хотод суралцах боломж, нөхцөлийн талаар Ерөнхийлөгчтэй санал солилцжээ.

Хариуд нь Ерөнхийлөгч айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү тэд Карнатака муж, Бенгалуру хоттой хамтран ажиллах бусад боломж, салбарын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцсан юм.

Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй Америкийн цахиурын хөндийтэй дүйх хэмжээний нөөц боломж, технологийн чадалтай байна. Энэ хэрээр сургалтын чанар нь сайн гэдгийг  захирагч Важубхай Рубадхай мэдэгджээ.