Аливаа зорилтот хоолны дэглэм буюу жин хасах, нэмэх, жин барих нь өөр өөрсдийн арга барил онцлогтой юм. Хүмүүсийн дунд хоолны дэглэм барина гэдэг нь хоолоо сойж, өлсөх гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг.

Гэвч үнэндээ хоолны дэглэм гэдэг нь өөрт тохирсон, эрүүл хүнсийг сонгон хэрэглэх явдал юм. Харин нэгэнт дэглэм барьж эхэлсэн бол тууштай тэвчээртэй байх нь чухал юм шүү. Ийнхүү зөв хооллож, амьдралын зөв хэвшилтэй болох эрүүл амьдралын үндэс юм. Хүн аливаа нэг зүйлийг 21-120 хоногт дадал хэвшил, зуршил болдог гэх судалгаа бий.

Тодруулбал, 21-66 хоногт таны бие хуучин зуршлаасаа шинэ зуршилдаа дасдаг бол 90-120 хоногт шинэ зуршил нь дадал хэвшил болдог байна.

Амьдралын эрүүл хэв маяг гэдэг нь өглөө эртлэн босож, өлөн элгэн дээрээ 1-2 стакан цэвэр ус уухаас эхэлнэ. Ингэснээр таны урд өдрийн идсэн хоол хүнсний үлдэгдлийг биеэс гадагшлуулж тухайн өдрийн хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих юм.

Үүний дараа өглөөний цайг хэзээ ч мартаж болохгүй бөгөөд өдөрт 2.5-3 л шингэн уухыг эрхэмлээрэй. Энэ нь алдсан шингэнийг нөхөж, жин хасаж, цус шингэрүүлж, бодисын солилцоог сайжруулах гээд маш олон давуу талтай. Мөн өөртөө 30-хан минут зарцуулж хөнгөн дасгал хөдөлгөөнийг орхигдуулж болохгүй.

Жишээ болгох хоолны дэглэм:

  • 7:00 цаг- Нэг аяга буцалсан ус, тараг эсвэл ногооны салат (өргөст хэмх, улаан лооль, яншуй, бууцай)
  • 10:00 цаг - Хөнгөн зууш буюу хоёр ширхэг өндөгний цагаан, дурын жимс нэг ширхэг
  • 13:00 цаг- Шөлтэй хоол, тосгүй хуурч болгосон, жигнэж болгосон 2-р хоолны аль нэгийг сонголтоор хангалттай идэх
  • 16:00 цаг- Дурын жимс нэг ширхэг
  • 19:00 цаг- Ногооны шэйк ( бууцай, авакода, алим, цагаан гаа, Алмонд самрыг хольж шейк бэлтгэх)

Өѳртѳѳ болон хайртай хүмүүстэй сонгож хэрэглэж буй хоол тань эм байг.