Хуавей компаний санхүүгийн менежер Мэн Ванзоу Канадын засгийн газар, хилийн агентлаг, цагдаагийн газрыг Канадын Британий Колумб мужийн дээд шүүхэд өглөө.

Түүний хэлснээр тус улсын хууль хүчнийхэн түүнд баривчилгааных нь талаар урьдчилж мэдэгдээгүй, Канадын хилийн агентлаг түүний электрон хэрэгслийг хууль бусаар хураан авч доторх мэдээллийг нь шалгасан, саатуулсан шалтгааныг нь үнэн зөвөөр тайлбарлаж өгөөгүй гэнэ.

Мэн Ванзоу Америкийн захиалгын дагуу өнгөрсөн 12-р сарын нэгэнд Ванкуверийн нисэх онгоцны буудлаас баривчлагдсан юм. Америкийн тал түүнийг болон Хуавей компанийг Ираны хоригийг зөрчсөн гэж үзжээ.

Мэн Ванзоу одоогоор Ванкувер хотод батлан даалтад байгаа ба энэ сарын зургаанд түүнийг Америкийн талд шилжүүлэх талаар шүүх хуралд болох юм.

Гэвч Канадын шүүхийн систем шат дамжлага ихтэй учир түүнийг Америкийн талд шилжүүлэх асуудал хэдэн жил ч үргэлжилж магадгүй байна.

Канад дахь Хятадын элчин сайдын яам Мэн Ванзоуг саатуулсан явдал нь Хуавей компаний эсрэг үзүүлж буй Америкийн улс төрийн хавчлага гэж үзжээ. Харин Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Мэн Ванзоуг шилжүүлэх асуудлыг улс төржүүлэхгүй байхыг Канадын талд сануулсан байна.

Хуавей компани 170 гаруй оронд бүтээгдэхүүнээ худалддаг бөгөөд 2020 онд нэвтрэх 5G сүлжээний гол нийлүүлэгч юм.

Эх сурвалж: Al jazeera, BBC