Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн ахлах анги, өсвөр үеийнхэнд мэргэжлийн ач холбогдлыг ойлгуулах сургалт, нөлөөллийн Мэргэжил сонголт –Аялал төслийг эхлүүллээ.

Төслийн эхлэл болгож Нийслэлийн 142-р сургуулийн 150 сурагчийг сургалтад хамруулсан байна. Уг төсөлд алслагдсан дүүрэг хороодын ЕБС-ийн 1000 сурагч хамрагдах ба энэ сарын 16-аас есдүгээр сарын 16 хүртэл зохиогдох юм.

Төслийн хүрээнд сурагчдад мэргэжил сонголт болон амьдрах ухааны мэдлэг чадвар олгох сургалт зохион байгуулах гэнэ. Мөн томоохон ААН, үйлдвэр, байгууллагуудаар явж мэргэжил сурталчлах аялалд оролцох юм.

Сануулахад, БСШУСЯ болон Азийн хөгжлийн банкнаас явуулсан судалгаагаар 100 хүүхэд тутмын 14 нь Анагаах ухааны чиглэлээр суралцах сонирхолтой гэсэн байна. Түүнчлэн сурагчдын хамгийн их сонирхож буй топ-10 мэргэжлийн жагсаалтад инженер, хуульч, эдийн засагч, аялал жуулчлал зэрэг мэргэжлүүд багтжээ.

Монголын их дээд сургуулиудын консорциумаас хүүхдүүдийн мэргэжил сонгоход нөлөөлдөг гол хүчин зүйлийг жагсаасан байдаг. Үүнд,

  • 61 хувь нь аав ээжийн ятгалгаар
  • 22 хувь нь үзэж, сонссон мэдээллээр
  • 13 хувь нь багшийн нөлөөгөөр мэргэжил сонголтоо хийдэг гэжээ.