Монголд анх удаа дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн энэ сарын 24-нд Corporate convention center-т болох гэж байна. 

Энэхүү тэмцээнд 30 гаруй орны баг тамирчид өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байгаа ба тэмцээнд оролцох тамирчид олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир бодибилдинг фитнессээр хичээллэгч хүн бүр оролцох эрхтэй байна. 

Мөн тэмцээн 13 төрлөөр явагдах бөгөөд жингийн болон ангилал бүрийн аваргуудад IFBB Pro Card үнэмлэх олгож, мэргэжлийн тамирчны зэрэг олгох юм. Энэ цаашлаад уг спортоор хичээллэгч тамирчдын хамгийн нэр хүндтэй том тэмцээн болох Mr. Olympia-д оролцох боломж нээгдэж байгаагаараа онцлогтой байна. 

Тухайлбал, тамирчид Mr. Olympia-д оролцохын тулд IFBB Professional League холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон энэхүү мэргэжлийн үнэмлэхийг авах ёстой байдаг.

Энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар дэлхийн улсуудад эх орноо сурталчлан таниулж, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, тамирчдыг илүү мэргэжлийн түвшинд гаргах зэрэг олон давуу талтайг албаныхан онцоллоо. 

Дашрамд дурдахад,  IFBB Professional League нь Америк улсад байрлалтай бөгөөд бодибилдингийн хамгийн том тэмцээн болох Mr. Olympia-г зохион байгуулдаг юм.