Өглөө ажилдаа гараад эсэн мэнд гэртээ харих баталгаа Монголд лав алга. Өнгөрсөн сарын хугацаанд дараалан гарсан харамсалтай ослууд үүнийг хангалттай нотлон харууллаа. Хэчнээн алаг үрс уйлж, ханийн сэтгэл өмөрч, хэчнээн олон аав ээжүүдийг амьдын тамд унагаа бол. Хайран залуусын амь!

Өнгөрсөн хоёрдугаар сард Эко Алтан заамар компаний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дөрвөн иргэний амь нас эрсэдсэн эмгэнэлт хэргийн гашуун мөр арилаагүй байхад сүүлийн долоо хоногт Төв цэвэрлэхэд байгууламж, Налайхын уурхайд осол гарч долоон хүн амиа алдлаа.

Энэ бол хуулийн хэрэгжилт, хяналт хариуцлага өнөөгийн нийгэмд ямар гамшгийн хэмжээнд хүрсний илрэл. Эдгээр иргэдийн халуун амь, ар гэрийнхний өмнө хэн хариуцлага хүлээх вэ? Хэрэв МХЕГ хяналт, хариуцлагаа зохих журмын дагуу тавьсан бол энх цагт ийм олон хүн эрстэхгүй байв.

Зураг: Reveal Candles

Ганцхан шижээ дурдахад, өнгөрсөн Бямба гарагт Налайхын уурхайд осол гарч, гурван хүний амийг авч одсон Эрдэнийн хөгжил компани 2015 онд мөн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж нэг иргэний амь насыг хохироож байжээ. Үүний улмаас тус компаний үйл ажиллагааг хоёр ч удаа зогсоож, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.

Гэвч дөрвөн жилийн өмнөх хэрэг нь одоог хүртэл шүүхээр шийдэгдээгүй, удаа дараа үйл ажиллагааг нь зогсоосон ч хууль зөрчин ажилласаар эцэст нь дөрвөн хүний аминд хүрлээ. Харин энэ хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулж, акт гаргахаас хэтрээгүй байна. Бүхэл бүтэн дөрвөн жил хууль зөрчиж, дөрвөн иргэний амийг авч одсон компанид төрөөс үүрүүлсэн хариуцлага нь ердөө энэ.

Мөн Төв цэвэрлэхийн осол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг ханаагүйтэй холбоотойгоор гарсан байж болзошгүй нь албаныхны мэдэгдлээс цухалзаж байна. Одоог хүртэл МХЕГ-ын дүгнэлт гараагүй байгаа нь бас л буруугаа хэн нэгэнд бухах, үйлдвэрийн осол зэргээр дөрвөн иргэний амыг авч одсон буруутнуудыг хаацайлж өнгөрөх вий гэсэн хардлага төрнө.

Зураг: ОБЕГ

Эко Алтан заамрын осол бас л ТЭЗҮ-г буруу тооцсон, аюулгүй ажиллагааны горим зөрчсөнөөс үүдэн гарсан гэдгийг МХЕГ дүгнэлтдээ дурджээ. Ослын дүгнэлт нь гарчихаад байхад одоо болтол тус компаний удирдлагууд, түүнд хяналт тавьсан мэргэжлийн хяналтын байцаагчид хариуцлага хүлээлгээгүй байна. Уурхайн шороонд дарагдсан дөрвөн иргэний амь 290 сая төгрөгийн үнэтэй гэж үү, эсвэл хүний амь нас, эрүүл мэндээс илүү ашиг хайгч шуналтай баяны нэг уурхайн лицензийн үнэтэй юу!

Төр иргэнийхээ амийг хариуцлагаар бус мөнгөөр үнэлж байгаа цагт хууль тогтоомжоос дээгүүр дархан эрхтэй компаниуд байсаар л байна. Хүний амь нас хохироож хэдэн төгрөгөөр торгуулж, өнчирч үлдсэн хүүгийн нулимс, ханийн сэтгэлийг нөхрийнх нь амиар сольсон хэдхэн халтар цаасаар домнож орхиод л арилна. Нэрээ өөрчилнө, дахиад л үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Харин үүний ард өнөөх л бүдүүн дарга нар арьсаа хамгаалж хяналт шалгалт хийснээ сайрхана, хүн хүч хүрдэггүйгээ гайхна, ганц нэг хүнээ ажлаас нь чөлөөлнө. Эцэст нь үг хэлж чадахаа больсон хүмүүсийн хохь болоод үлдэнэ. Өнөөдөр Монголд хяналт хариуцлага, хууль журам яг ийм л зарчмаар үйлчилж, хуулиас дээгүүр мөнгө, эрх мэдэл, албан тушаал яригдаж байна.

Монгол улсын иргэн бүр амьд явах, аюулгүй ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй. Харин үүнийг төр хангаж, хяналт хариуцлага тавих үүрэгтэй. Гэвч олон сайхан залуучууд энэ мэтээр ажил хөдөлмөр эрхэлж яваад цаг бусаар амиа алдсаар байна.

Хэдий болтол төрийн хяналт хариуцлагыг хэрэгжүүлэх ёстой мэргэжлийн хяналтынхан ниргэсэн хойно нь хашхирч, хяналт хариуцлагаас зугтаах вэ? Монгол хүний алтан амь хэдэн төгрөгөөр үнэлэгдэх ёстойг мэргэжлийн хяналтын байгууллагаас дахин дахин асууя.